Friday, March 6, 2015

Ask Alice - book review

 Дөнгөж 15 нас хүрсэн нэгэн охин гэр бүлийн хамтаар шинэ хот руу нүүхдээ тэнд цоо шинэ амьдрал эхлэнэ хэмээн догдолж байсан ч түүний хүссэнээр болсонгүй. Тэрээр улирлын амралтаар өвөөгийндөө зочлохдоо мансууруулах бодистой тун санаандгүй танилцжээ.
Өсвөр насны охины өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн Алисаас асуу зохиолд түүний 15 насны төрсөн өдрөөс эхлэн мансууруулах бодисонд донтон харамсалтайгаар нас нөгчих хүртэлх түүхийг сэтгэл хирдхиймээр өгүүлжээ. 1971 онд зохиогчийн нэрийг нууцлан бодит түүх гэж хэвлүүлж байсан ч удалгүй зохиогчоор нь сэтгэл судлаач Биэтрис Спаркс тодорчээ. Зохиолч энэ номыг өсвөр насныхан, залуу үеийг мансууруулах бодисын аюул, үүний хор нөлөөнөөс сэрэмжлүүлэх зорилгоор нэгэн өвчтөний тэмдэглэлийг багахан хэмжээгээр засварлан бичсэн гэдэг.
Номыг уншсанаар таны мансууруулах бодисын талаарх бодол чинь эрс өөрчлөгдөж, юу ч мэддэггүй байснаа ойлгох вий. Зохиолд мансууруулах бодисын төрөл зүйл, үйлчлэл, хор нөлөө, бонусанд ирэх бас бус зовлон зүдгүүрийг уншигчийн нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдтол тодорхой дүрсэлжээ. Та мансууруулах бодис хэрэглэчихээд өөрийгөө сансар огторгуйд сүүн замаар харваж буй одон дээр суугаад давхиж явна гээд төсөөлөөд үз, дараа нь үүндээ харамсаж, дахиж тэгэхгүй ээ хэмээн өөртөө амлах боловч эцэстээ дахин нэг хэрэглэхийн төлөө хамгийн хайртай бүхнээ, бүр өөрийгөө худалдахаас ч буцахгүй нэгэн болон хувирах болно.

Энэ номыг эхэлсэн цагаас би зохиолын баатар маань өөрийн ертөнцдөө хэрхэн өсөж торнин, буруу замаар будаа тээж байгааг нь сэтгэл өвдөн ажиглаж, засарчихдаг болоосой хэмээн нууцхан хүсэж байсан ч яг бодсончлон тийм төгсгөл ирсэнгүй. Азаар зохиолч намайг гол баатрыг маань зүрх зүсэм үхлээр үхүүлж, нарийн ширийнээр нь намайг зовоосонгүй аятайхан төгсгөлөө. Үгүйсэн бол би хэдэн өдөр охины төлөө гашуудах байсан.
Хэдийгээр “Алисаас асуу” зохиол АНУ-ын номын сангийн холбооноос гаргасан хамгийн “асуудалтай” номын жагсаалтад байнга дээгүүр ордог, мансууруулах бодис, секс, хүчирхийлэл, гэрээсээ оргох гэхчлэн хэцүүхэн сэдвүүдийг хөндсөний улмаас АНУ-ын олон муж улсад сурагчдыг уншихыг хориглосон ч миний бодлоор өсвөр насныхан, хараахан амьдралд хөл тавьж амжаагүй байгаа залуучууд, тэдний эцэг эхчүүд, ер нь хэн бүхэн уншууштай.
Ингээд энэ бичвэрийг зохиолыг монгол хэлнээ хөрвүүлсэн, мансууруулах бодисны хэргээр ял эдэлж буй DJ OG, Ганболдын үгээр төгсгөе.
Хар тамхи,мансууруулах бодис бол зүрх сэтгэлийн шорон юм.
Харин сонголт бол таны гарт. 

Alpha-д зориулан бичиж байв.

No comments: