Wednesday, December 23, 2015

2015 оны мастер планы хэрэгжилт

2015 оны мастер план ч гэх шиг, яасан сүртэй нэр өгөөв дээ, 2015 оныг урам зоригоор дүүрэн л эхэлж дээ. Төгсгөлдөө бол ерөнхийдөө ядарч, амрахын түүс болсон маягтай. Хэрэгжилтийн тухайд гэвэл..
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө - энэ одоо 2014 оноос хойш явж байгаа ажил байна шүү, хаячих гэхээр бас чадахгүй юм аа.
  • Хөмрөгийн гуравдах ном - гарсаан, гарсан.

Tuesday, December 22, 2015

Power of habit - book review

Дадал зуршлын хүч

Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.
  • Ерөнхий санаа нь та ямар зуршилтай болмоор байна, түүндээ хүрэхийн тулд тэр зүйлээ хийсний дараа өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр шагнаж урамшуулж бай, тэгснээр тархинд чинь энэ зуршлыг хийхээр дараа нь ийм тааламжтай шагнал ирдэг гэсэн бодол төрөх болж, тухайн зүйлийг улам хиймээр санагдана, тэгээд хүн хийж байгаа зүйлдээ дуртай байхаар зуршил болгон хэвшүүлж чадна гэх юм уу даа. Би жаахан будлиантай тайлбарлачихав уу? За яахав, сонирхоод байвал өөрөө уншина биз.

Thursday, November 19, 2015

Dark world by Alexander McQueen

Миний дуртай загвар зохион бүтээгчдийн нэг Александр Маккуин байлаа. Английн загвар зохион бүтээгчийн бүтээл, даашинзууд нэг л тийм авангард, dark, punk…,  Цаанаа л нэг зэвүүн, нууцлаг, үхэл үнэртэж, цус ханхлах мэт. Түүний сүүлчийн цуглуулга хар, улаан өнгөөр дүүрэн байсан нь үхлээ зөгнөж байжээ.

Wednesday, September 9, 2015

Martian by Andy Weir

Энэ зуны амралтаар сансар огторгуйгаар аялсан сайхан ном хэдийг уншиж, бүр амташлаа.

Энэ номын талаар хүмүүс ам сайтай, үнэлгээ өндөртэй байгааг анзаарсан ч Ангараг дээр ганцаараа байгаа хүний аж амьдрал тийм ч сонирхол татсангүй жил хэр явсны эцэст уншлаа, үүндээ ч харамссангүй.

 Азгүй тохиолоор Ангараг гариг дээр ажиллаж байсан хөлгийн багаас Марк ганцаархнаа тэнд үлдэж хоцорчээ. Түүний амьд гарсныг дэлхийн түг түмэн хүн байтугай Ангараг гаригийг хэдийн орхиж явсан хөлгийн багийнхан  нь ч мэдсэнгүй. Марк амьд гарахыг хүсч байгаа бол хэзээ нэгэн цагт аврагдах хүртэлх бүх хэрэгцээгээ өөрөө зохицуулахын тулд хамаг хүч, авьяас чадлаа дайчлах хэрэгтэй болов.

Wednesday, August 19, 2015

Hitchhiker’s guide to the Galaxy - book review

Үүнийг зөгнөлт зохиолд дурлагчдын дунд култ болсон зохиол гэж нэрлэж болох байх. Унших номын жагсаалтанд нилээд удсаны эцэст барьж аваад эхний 2 ботийг дуустал нь, 3 дахийг эхлүүлээд түр завсарлав.
Зохиол дэлхий 2 минутын дараа сөнөх болсноор эхлэнэ. Сөнөөх болсон шалтгаан тун энгийн, дэлхий маань Галактик даяар тавих хурдны зам дээр байрлаж таарчихаад байсан хэрэг. Мэдээж хэрэг, Галактикийн удирлагаас Дэлхийд анхааруулах бичиг аль 50 жилийн өмнө явуулсан байсан ч Дэлхийнхэн олж үзээгүй нь харамсалтай. Манай гол баатар Артур маань дэлхий дээр жуулчилж ирээд 10 жил шахам амьдарсан, харь гаригийн найзынхаа тусламжтайгаар азаар амьд гарснаар түүний сансрын адал явдлаар дүүрэн аялал эхэллээ. Энэ мэтийн ёжтой, егөөдсөн хэрнээ хөгжилтэй  үзэгдлүүд, үгс олон гарсныг дурдаад баршгүй.

Thursday, June 25, 2015

Hyperbole and a Half - book review

Энэ хагас галзуу, хагас өдрийн тэмдэглэл, хагас ноорог, хагас зургийн дэвтэр шиг номыг хагас өдрийн дотор уншжээ. Бараг гурван хагас жилийн өмнө уншихдаа бичиж байсан хагас дутуу тэмдэглэлээ хагас санамсаргүй оллоо.
  1. За ийм замбараагүй бичлэгтэй, дөрөвтэй хүүхэд зурсан юм шиг албаар муухан сараачсан зурагтай ном байж болдгийг мэдэж авлаа. Сүүлд мэдэхнээ зохиогч анх ийм бичлэгтэй блог хөтөлдөг байгаад тэр нь олны анхаарлыг татан шагнал авснаас үүдээд энэ номоо гаргажээ. Ер нь ном гэдэг чинь заавал дөрвөлжин ч байх албагүй, дотор нь ер нь юм бичсэн ч байх шаардлагагүй юм байна. 

Tuesday, June 9, 2015

Love in time of cholera - book review

Галзуу солиотой гэмээр, ийм хайрын түүхийг Габриэл Гарсиа Маркез л бичиж чадах байх. Зуун жилийн ганцаардлыг уншсан хэн ч эл зохиолчийн бичсэн зохиол ердийн байх учиргүйг хүлээн зөвшөөрөх биз. Унших номын жагсаалтанд нилээд удаан явсны эцэст 6 сарын өмнө Англи явахдаа уншсан, анхны сэтгэгдлүүдээ мартсан нь харамсалтай.

Thursday, May 28, 2015

Sophie's world + Dark places - book review

Уул нь Софигийн ертөнцийг эхэлж уншсан юм чинь тухай нь бичмээр юм шиг, гэтэл Dark place-ийг сүүлд уншсан болохоор сэтгэгдэл нь шинэхэн, бас илүү таалагдсан.

Dark places

Өнгөрсөн жил кино нь гарч шуугиулаад байсан Gone Girl-ийн зохиогч Жиллиан Флинний бичсэн ном.

Saturday, May 9, 2015

Шагал

Миний дуртай зураачдын нэг болох Шагалын тухай гоё видео оллоо. Тоглоод байгаа юм уу, биднээр даажин хийгээд байгаа ч юм шиг зэвүүн бүтээлүүдтэй шүү.

Wednesday, April 8, 2015

Шадар гурван цэрэг

Үнэхээр хөгжилтэй, адал явдалд дурлагчдад яг тохирсон ном. Францын алдарт зохиолч Дюмагийн энэ номыг мэдэхгүй хүн ховор биз, Орос, Франц, Америк гээд олон улс үүгээр кино хийсэн байдаг. Нэр нь хэдийгээр шадар гурван цэрэг боловч үнэндээ номын гол баатар нь Д*Артаньян, тэгээд түүний гурван найз Шадар Цэргүүд юм. Чанга чанга хөхрөөд л, Д’Артаньяны мэргэн ухааныг гайхаад л уншаад байлаа.

Sunday, April 5, 2015

Аяллын тэмдэглэл, Лондон #9

Лондонд орой буцаж ирээд өвөл гардаг Winter Wonderland орлоо. Өвлийн жихүүн орой халуун вино уугаад  янз бүрийн хөгжилтэй тоглоом бүхий паркаар зугаалах сайхан байлаа.

Бас нэг өдрийг Oxford street, Westfield-ийн дэлгүүрүүдийг хэсэж өнгөрүүллээ. Harrods гээд л байдаг, их л онцгой газар байдаг юм байх гэсэн чинь зүгээр л нэг том их дэлгүүр байсан, харьцангуй өндөр үнэтэй. 

Sunday, March 29, 2015

Аяллын тэмдэглэл, Оксфорд #8

Оксфорд руу хурдан галт тэргээр явлаа.

Оксфорд гэж жижигхэн хот, дүүрэн сургуулиудтай. Оксфорд хотод байрладаг л бол Оксфордын сургууль гээд явчихдаг, нэр хүндтэй, үнэтэй юм байна. Энэ хавьд арай чинээлэг хүмүүс амьдардаг гэнэ.

Wednesday, March 11, 2015

Аяллын тэмдэглэл, Англид #7

Stonehenge руу машинаар явлаа. Нарлаг, тунгалаг сайхан өдөр Английн хөдөө талыг харсан шигээ давхиж гарлаа. Нов ногоон шүү.

Friday, March 6, 2015

Ask Alice - book review

 Дөнгөж 15 нас хүрсэн нэгэн охин гэр бүлийн хамтаар шинэ хот руу нүүхдээ тэнд цоо шинэ амьдрал эхлэнэ хэмээн догдолж байсан ч түүний хүссэнээр болсонгүй. Тэрээр улирлын амралтаар өвөөгийндөө зочлохдоо мансууруулах бодистой тун санаандгүй танилцжээ.

Wednesday, February 25, 2015

Аяллын тэмдэглэл, Лондонд #6

Лондонд ирсэн хүмүүсийн зорьдог газруудын нэг Camden-д очиж үзлээ. Элдэв дээдийн этгээд, эрээн мяраан эд зүйлс зардаг газар байлаа. Манай рок зүгийн хамтлагийнхан очихоороо элдэв дээдийн гоёл чимгээ цуглуулдаг газар юм гэнээ.

Monday, February 16, 2015

Аяллын тэмдэглэл, Лондон #5

Бүтэн нэг өдрийг музейгээр эргэлдэж өнгөрүүлэв. Авууштай тал нь Лондонгийн томоохон музейнууд үнэгүй, нийтэд нээлттэй, тэгээд хүүхдийн сонирхлыг татахаар янз бүрийн арга хэмжээ, тоглоом энэ тэртэй. Зочилсон хүмүүс өдөржингөө тэнд эргэлдэж, хоол идэж, дэлгүүрээс нь элдэв бэлэг дурсгалын зүйлс авч хөөрхөн орлого олчихдог.
Coldplay зэрэг алдартай олон хамтлаг дуучдыг хариуцдаг Warner Music Group

Thursday, February 5, 2015

New rulers of the world - үзүүштэй баримтат кино

Ийм нэртэй 2001 оны баримтат кино үзсэн.
Хэрхэн капиталист өндөр хөгжилтэй орнууд хөгжил муутай ядуу буурай орныг эдийн засгийн аргаар шулж мөлждөг, боолчилдог талаар Индонезийн жишээн дээр харуулсан.
"Эрт дээр цагт цөөн тооны хаад ноёд засгийн эрхийг барьж, эд хөрөнгө, эрх мэдэлтэй байдаг байсан бол орчин үед тэр нь цөөн тооны том корпорациудаар солигдсон..."
"Одоогийн эдийн засгийн машин нь мөнгөтэй нь мөнгөө үржүүлж, улам баяжих, мөнгөгүй нь улам ядуурахад хүргэдэг баячуудад ашигтай ..."
Хэдий манай орон Индонез болон зүүн өмнөд Азийн бусад орнууд шиг Nike, Gap, etc барууны том брендийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэж өгдөг үйлдвэрүүдгүй ч Монголд баян ядуугийн ялгаа улам ихсэж яг л тэр орнуудын хойноос ороод байгаа юм санагдана.. Манай оронд олноор амьдардаг Ихмэдэх болон Үлмэдэхүүд үзээсэй...Энэ киног үзээд макро эдийн засаг судалмаар санагдав. Үзэх, харах, унших, уух, идэх юм их байна шүү, яаж амжуулнаа...

Wednesday, February 4, 2015

Аяллын тэмдэглэл Лондонд #4

Лондон Истанбул хоёр цаг агаарын хувьд ойролцоо, гэхдээ Лондонд хаа очиж бороо шаагитал асгарсангүй, хааяахан зүсэрснээс цаашгүй аятайхан байлаа.

Kensington High Street

Thursday, January 22, 2015

2015 оны мастер план

2014 онд биелээгүй болон амжаагүй ажлууд 2015 онд гулсаад орж ирсэн болно. 
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө. Цагаан сарын дараа эхлэхээр болсон. - явж эхэлсэн, хар зураг бол гайгүй шүү. Харин усан будгаар будна гэдэг амар ажил биш байна лээ. 
  • Хөмрөгийн гуравдах номыг 2014 оны 5 сард дуусгасан, хэвлэлээс ирээгүй л байна. 
  • Өөрийн номоо бичиж эхлээгүй ээ, Аньс ажиллагаатай нэгтгээд энэ жил нэг орчуулгын ном гарганаа. 
  • Монголдоо аялах.
  • Гадагшаа аялах. 
  • PMP авах. 
  • Цэлмүүн балетанд явахаас залхуураад хөл өвдөөд байдаг гээд больсон. Харин долоо хоногт ганц цаг төгөлдөр хуур нүдээд, хүүхдийн 3 - 4 ая тоглодог болсон шүү. Хүү энэ жил нэмэгдэнэ. 
  • АС ажиллагаа.
  • 15 онд унших номын жагсаалтаа гаргах.
  • Долоо хоногт 1 цаг гүйх...
Энэ жил их даруухан төлөвлөгөө гаргалаа. :)

2014 оны төлөвлөгөө энд бий. 

Saturday, January 10, 2015

Аяллын тэмдэглэл Истанбулд #3

Grand bazaar-ыг сонирхсон, манай Нарантуулыг гүйцэхгүй санагдсан.

Орой Лондон нисэх байсан тул тасалбараа шалгатал хоёр өөр онгоцоор нисэх болж таарлаа. Цуг яваа хүмүүс өөр билетийн агентаар тасалбараа захимааргүй юм билээ.
Турк орны тухайд бороо байнга орж жаахан зутарсныг эс тооцвол хоол унд сайтай, сүм хийд ихтэй сайхан л улс санагдлаа. Дараа тухтай ирж үзэсгэлэнт газруудаар аяланаа.

Tuesday, January 6, 2015

2014 онд уншсан номууд


2013 оныхоо номуудыг review бичиж амжаагүй байтал жил өнгөрчихжээ. Хамгийн таалагдсанаас нь эхлээд л review бичнээ л гэчихсэн байгаа.